Tuesday, January 27, 2009

Ойг цэвэрлэх биш “тонож” байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ойн хэрэг эрхлэх газрынхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын болон байгаль хамгаалах газартай хамтран Туул голын дагуу шалгалт хийжээ. Баянзүрхийн гүүрнээс Босгын гүүр хүртэл хүн ам ихээр суурьшсан газрууд, Гачуурт тосгон, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газруудад Туул голын дагуу хийсэн энэ шалгалтын үеэр 30 гаруй иргэд Туулын сав газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлжээ.
Шалгалтын ажлын хэсгийнхний ярьж байгаагаар түрдэг тэрэг, морь тэрэг, суудлын автомашин, ачааны машин гээд урагшаа хөдөлдөг болгоныг хөлөглөсөн хулгайн түлээчдээс байгаль хамгаалагчид нь хүртэл залхаад олигтой шаардлага тавихаа больсон сурагтай. Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2008 оны хамтарсан тушаалаар Туулын сав газар болон ус хурах бүсэд үйлдвэрлэл, ахуй, арчилгаа цэвэрлэгээ хийх, нүүлгэн суулгах гээд бүх төрлийн зориулалтаар мод бэлтгэхийг хориглож, нийслэлийн гэр хорооллын түлшний хэрэгцээг зөвхөн Сэлэнгэ аймгаас мэргэжлийн байгуугууллагууд ойн арчилгаа цэвэрлэгээний журмаар бэлтгүүлэхээр болсон. Гэтэл Тэрэлж, Горхийн байгалийн цогцолборт газарт нутаглаж байгаа айлууд гаднаа машин машинаар дүнз татаад түлээ бэлтгэчихсэн байхтай ч таарчээ. Тиймээс тэртэй тэргүй зөрчигдөөд байгаа, хэрэгждэггүй зарим тушаал шийдвэрээ эргэж харж, орон нутгийн иргэдэд түлшний зориулалтаар ойн цэвэрлэгээ хийхэд нь бага хэмжээний гоожин олгоод, мод бэлтгэл дээр нь харин хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй бололтой. Үүнээс гадна Туул голын дагуу ойжуулалт хийсэн залуу зулзган бургасуудыг тэр хавийн мал идээд дуусч байна. Ямар ч хашаа хороо, хамгаалалтгүй, хавартаа суулгасан болж дүр үзүүлээд, өвөлд нь малаа тэжээгээд байх юм бол цаашдаа бид ойжуулалт гэж мөнгө үрэх шаардлага байна уу.
Мэдээллийн эх үүсвэр: Ойг цэвэрлэх биш “тонож” байна

No comments:

Post a Comment