Европчуудын дундаас анх дорныг өрнөдөд нээсэн алдарт жуулчин Плано Карпини-гийн 1246 онд бичиж байснаар Монголчууд сүү цагаан идээ, мах болон бусад идээ ундааг газарт хаях, эсвэл ус руу хийхийг цээрлэдэг, мөн шувууны ангаахай, дэгдээхэйг алахыг хүлцдэггүй, галыг онцгойлон шүтэж гал руу хутгаар чичихгүй байх, холын хүнийг хоёр галын хоорондуур гаргаж ариусгадаг байсан зэрэг уламжлалын тухай бичиж үлдээсэн байх нь бий.
Мөн үүнээс хожуу үед Монгол ба Тангадын орноор аялсан Оросын жуулчин Позднеев 1892 онд бичихдээ, хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнг цаазаар аваачихдаа Богд хан уулыг харуулахгүй гүйцэтгэдэг байсан тухай, тодруулбал, Оросын Ульхан орчмын хилийн харуулын нэгэн козак гэр бүлийн амь насыг хөнөөсөн хоёр монгол иргэнд цаазаар авах ял оноож үүнийгээ нийслэл Өргөөд гүйцэтгэхээр байсныг буддын шашны лам нарын хүсэлтээр өөр газар, тухайлбал, Улиастайн аманд гүйцэтгэсэн бөгөөд энэ газраас Богд хан уул огтоос харагдахгүй байсан тухай бичиж тэмдэглэж өгүүлжээ.
Ийнхүү түүхийн баримтыг сөхөж, уламжлал зан заншлын агуулгаар түүн рүү өнгийвөөс Монголчууд аль ч үедээ дэлхийн талыг захирч байхдаа ч тэр, харийн түрэмгийлэлд зүдэрч явахдаа ч тэр, байгаль дэлхийгээ хүндэтгэж, түүнийгээ бузарлахгүй, тунгалаг байлгах ариун чиг баримтлалтай ард түмэн байжээ. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй чинь чам руу их буугаар буудна гэсэн нэгэн үг байдаг. Монголчууд дэлхий дээр анх удаа 1778 оноос тухайн үеийнхээ төрийн тэргүүний буюу Манжийн хааны зарлигаар Богд хан уулыг өнөөгийн өнгө төрхөөр дархлан хамгаалж, 1809 оноос ам бүрт нь харуул суулгаж, түүнд зорчих иргэдийг зөвхөн шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын зөвшөөрлөөр гүйцэтгэж байсныг түүхэн товчоон өгүүлнэ. Өдгөө энэ баримтыг зөвхөн мэргэжилтнүүдийн хүрээнд л хэлэлцэхээс биш, харин жирийн иргэдийн тухайд огт мэдэхгүй байх нь олонтаа. Отгонтэнгэр хайрханы тухайд ч тэр, мөн л тэртээ 1818 онд дархлан хамгаалсан атал өдгөө Улсын Бага хурлын шийдвэрээр 1992 оноос анхлан дархалсан мэтээр өгүүлсэнтэй таарах юм. Ингэж түүхийг гуйвуулах нь наанадаад байгаль хамгаалах уламжлалаа гээсэн, цаанадаад өвөг дээдсээ басамжилсан явуургүй үйлдэл гэлтэй. Тэр ч бүү хэл, Монголчууд анх 1206 онд Их Монгол улсаа байгуулж дэлхий дахинаа бүрэн дүүрнээр хүлээн зөвшөөрөгдсөн байтал Монгол улсын түүхийн он цагийг 1921 оноор эхлүүлэх хандлага саяхан болтол байлаа. Хэрэв шинэ цагийн түүхийн талаар өгүүлэх гэж байгаа бол 1911 оныг шинэ цагийн эхэн байдлаар хандах нь зөв болох байх. Учир нь чухам энэ жил Манж Чин улсын 200 илүү жилийн дарлалаас салж туурга тусгаар улсаа дахин тунхагласан билээ, бид.
Мэдээжийн хэрэг 1921 он гэдэг бол бид гадаадын эзэрхийллийг устгасан гавьяатай он мөн боловч чухам үнэнийг хэлбэл, энэ чинь гадаадын цэргийн хоёр жилийн ноёрхолыг л сэгсэрсэн асуудал. Харин 1911 он бол 200 жилийн дарлалыг устгасан асуудал шүү дээ. Үүнийг өгүүлэхийн учир нь уламжлалаа түүхэн их хөлгөн судрыг сольж, холихгүйгээр залгамжилж явах нь улс үндэстний тухайд ихээхэн ач холбогдолтой гэдгийг хэлэх гэснийх. Энэ асуудлыг зөвхөн улс төрийн ач холбогдлын тухайд ч бус, нийгмийн бүхий л салбарын тухайд тэр дундаа байгаль хамгаалах салбарын тухайд ч тэр, уламжлал зан заншлаа хадгалж үеэс үед дамжуулан, улам бүр боловсронгуй болгож явах нь ихээхэн, ач холбогдолтой гэдэг утгаар хэлж байгаа хэрэг. Монгол орон бол нүүдлийн мал аж ахуйг эрхэлж ирсэн нүүдэлчдийн нутаг. Энэ утгаараа монголчууд бид магадгүй дэлхийн аль ч улс үндэстнээс илүү ихээр байгаль дэлхийтэйгээ ойр байж, түүнийхээ сүр хүчинд сүсэглэж, өөрөөр хэлбэл, түүнээсээ хамааралтай байдлаа ойлгож амьдарч ирсэн ард түмэн. Үнэхээр ч бидний өвөг дээдэс өөрсдийн амьдралыг байгаль орчноосоо маш их хамааралтай гэдгийг ойлгож байсан бөгөөд энэ нь ч өнөө үе хүртэл уламжлан ирсэн зан заншлын элдэв хэлбэр, амьдралын хэв маяг, уламжлал, өдөр тутмын амьдралаас тодорхой харагддаг.
Ерөөс зан заншил, уламжлал гэдгийг Британика-д тайлбарлахдаа ... нэг үеэс нөгөө үедээ залгамжлан ирсэн дадал, ёс заншил, домог өгүүлэл бөгөөд анхандаа зөвхөн аман хэлбэрээр хадгалагдан байснаа яваандаа бичгийн хэлбэрт шилжсэн ... гэж тайлбарласан байх юм. Ерөнхийдөө уламжлал гэдэг нь мэдлэгийн гинжин холбоо юм. Гинжин холбоо гэдгийг нэгээс нөгөөд дамжиж байдаг утгаар нь буюу үеэс үед дамжин ирсэн гэдэг утгаар нь ойлговол зохистой. Уламжлалыг ихэвчлэн эртний өөрчилж болшгүй, маш чухал өөрөөр хэлбэл ерөөсөө л цаанаасаа гэж ойлгодог боловч үнэн хэрэгтээ тийм ч цаанаасаа зүйл бас биш юм. Саяханаас бий болсон уламжлалын олон олон хэлбэр өнөөдөр амьдрал дээр өөрийн гэсэн байр сууриа эзлээд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсоор байгааг хэлэхэд хангалттай. Тухайлбал, бидний өнө эртний аятай мэт боддог судар бичгүүдийн ихэнхи нь саяхан буюу өөрөөр хэлбэл 18, 19 дүгээр зууны үед зохиогдсон байх жишээтэй.
Уламжлал, зан заншлын тухай асуудал бол бодит амьдралтай холбоотой бөгөөд ердөө л амьдрахуйн ухаан юм. Гэхдээ бидний амьдралд тайлагдашгүй олон олон асуудлууд өнөөг хүртэл байгаа бөгөөд энэ асуудал эрт дээр цаг үед бүр ч их байсан нь ойлгомжтой. Тухайн үед хүмүүс өөрсдийн тайлж тайлбарлаж хүчрэшгүй, ялангуяа байгалийн үзэгдлийн талаар янз бүрээр тайлбарлахыг оролдох оролдлого хийж байсан бөгөөд энэ нь яваандаа шашны янз бүрийн хэлбэр байдлаар илрэх болсон байна. Өнөөдөр шашин гэдгийг юу гэж тайлбарласныг сонирхоё л доо. Британика-гийнхаар шашин гэдэг бол хүмүүний оршин байгаа бодит ертөнц, сансар огторгуй, байгаль дэлхийн талаархи энэ ертөнцийн биш, ёс суртахууны учир холбогдол бүхий тайлбарыг тойрсон янз бүрийн зарчим, санаа оноо, дадал зуршлын багц юм. Энгийнээр хэлбэл, тайлбарлахад төвөгтэй зүйлийг тайлбарлаж байгаа асуудал гэж ойлгогдож байна. Энэ тодорхойлолтыг зөвхөн зан заншил, уламжлалтай холбоо бүхий өнцгөөс буюу бодит амьдралын зүг чигээс харах ахул шашин гэдэг нь ерөөсөө л олон янзын тайлбарыг цэгцэлж нэг мөр болгосон асуудал, харин шашны элдэв зан үйл нь бурхантай буюу далдын хүчтэй харьцаж байгаа хэлбэр юм.
Манай орны нутаг дэвсгэр дээр оршин байгаа болон оршин байсан шашны олон урсгал бүгд л иймэрхүү байдлаар ойлгогдож байна. Үүнээс байгаль хамгаалах асуудлын талаархи ойлголтын хүрээнд хамгийн их хамааралтай нь бөөгийн шашин. Буддын шашныг манайд нэвтрэхээс өмнө өргөн тархсан байсан шашны энэ хэлбэр нь нүүдэлчдийн амьдралд байнга тохиолдож байсан байгалийн таагдашгүй үзэгдлийн мөн чанарыг тайлбарлах, түүнд дасан зохицох талаар зан заншлын олон хэлбэрийг бий болгосон бөгөөд тэр нь үе дамжин уламжлагдсаар өнөөг хүрсэн байна. Монгол хүний сэтгэл оюунд маш их ойрхон байдаг, өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн бөөгийн шашны зан үйлийн нэг хэлбэр болох овоо тахих ёслол бол өнөөгийн Монголчууд бидний тухайд голлох шашин болох буддын шашин орж ирэхэээс бүр өмнө бидний амьдралд байр сууриа олсон байсан уламжлалын нэг хэлбэр юм. Монголчуудын Мөнх хөх тэнгэрийг шүтэх ёс заншлаас дээрх овоо тахих ёс бий болсон бөгөөд шүтэн биширч ирсэн тэнгэртэйгээ ойр байхын тулд, түүндээ өөрийн хүслийг хүргэхийн тулд ойр орчмынхоо уул толгодын хамгийн өндөрлөг газар овоо босгож, түүгээрээ дамжуулж тэнгэртээ аль болох ойртдог байсан гэж маш энгийнээр тайлбарлаж болох юм.
Замын хүн овоогоор дайрч өнгөрөхдөө чулуу нэмж өөрийн хүслийг шивэгнэдэг нь ч мөн л овоог улам өндөр болгож Мөнх хөх тэнгэрт илүү ойр байх нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг. Энэ утгаараа бөөгийн шашны тухайд бөө нар нь тэнгэрт хүрэх элч-ийн үүргийг гүйцэтгэдэг байжээ. Тэгээд ч Монголчуудын тухайд Мөнх хөх тэнгэр бол далдын их хүч буюу бурханы үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд Чингис хааны үеийн, түүнээс өмнөх үеийн ч тэр Монголчууд өөрсдийн хийж байсан бүхий л үйлдлийг Мөнх хөх тэнгэрийн хүсэл зоригийн дагуу болж байгаа гэдэгтээ итгэлтэй байжээ. Үүнийг Монголын түүхийн хамгийн чухал дурсгалуудын нэг болох Гүюг хаанаас Ромын пап ламд илгээсэн бичигт... Үүнээс бусаар явбал юу болохыг бид мэдэх гэж үү, гагцхүү Тэнгэр л мэднэ... гэж өгүүлснээс мөн тэрхүү бичиг дээр гурвантаа дарсан тамганы бичээсийн эхэн ...Мөнх Тэнгэрийн хүчин дор... зэргээс тодорхой харж болно.
Ийнхүү буддын шашныг Монголд орж ирэхээс өмнө зөвхөн нэг бурхан буюу Тэнгэрмонголчуудын хувьд байсан бөгөөд тэнгэртээ сүсэглэж тэнгэрийг тахиж түүндээ заяа буянаа даатган төрөл бүрийн тахилгын зан үйлийг гүйцэтгэж иржээ. Тэгвэл анхлан 13 дугаар зуунд, дараа нь 15 дугаар зуунаас Монгол нутагт хүчтэйгээр түрэн орж ирсэн буддын шашин бөөгийн шашны зан заншлын олон хэлбэрийг монголчуудын аж амьдралд нийцсэн байдлаар, өөрөөр хэлбэл өмнө нэгэнт хэрэглэж байсан зан заншльн хуулбарлаж, гэхдээ бас өөрчилж өөриймшүүлж чадсанаараа Монголчуудад хүлээн зөвшөөрөгдөж улмаар Монгол нутагт өргөнөөр дэлгэрчээ. Уул овоо тахих ёслолын тухайд, тодорхой нэгэн газар олон олон эзэн савдаг нэг дор цугларах боломжтой. Тэр газар нь уулсын орой байх бөгөөд чухам тэнд нь овоо босгох тухай, тэрчлэн түүнийхээ эзэн буюу лус савдаг гэдгийг бий болгож, түүнийгээ янз бүрийн байдлаар дүрслэн гаргаж тухайлбал, Увс аймгийн Сагилын голын эхний Хан Харгайн овоо нь хөх морь унасан хөх дээлтэй эм хүн байдаг ч гэх юм уу, эсвэл Ховд аймгийн Манхан сумын Гурван цэнхэрийн эзэн нь хөх дээлтэй салаалсан гэзэгтэй түүнийгээ сүлжсэн, цайвар тунгалаг царайтай эмэгтэй ч юм уу аль эсвэл бүр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байдаг Баяндулаан уулын эзэн нь Догшин цэргийн буман аймгийн цог бадарсан их цэргийг захирсан хар хөх морьтой, их эрдэнийн чимэгтэй, цусан улаан жадтай, эдийн тэвшийг зүүн гартаа барьсан, алив дайсныг даран устгах олон дагуултай цэргийн ноён догшин тэнгэр буй гэх зэргээр сургадаг, чингэж өгүүлдэг байсан ажээ. Гэтэл тэрхүү газруудад нь өнө эртнээс овоо босгоостой, харин чухам хэн гэдэг эзэнтэй, аль эсвэл бүр эзэнтэй юм уу үгүй юм уу гэдэг нь ч тодорхойгүй байсан байж болох юм. Энэхүү өөриймшүүлэлтийн хүрээнд бидний нэн сайн мэдэх Богд хан уулын эзэн савдаг нь цагаан үүлэн ажнай хөлөглөж, баруун мутартаа дайсны амийг таслагч урт жад барьсан, зүүн мутартаа хорлогчийг хүлэх цалам барьсан догшин бурхан Дүнжингарав гэгч болжээ. Богд хан уулын тухайд, эсвэл Монголын бас нэгэн алдарт уул Отгонтэнгэр хайрханы тухайд ч тэр тахилгын судраас нь харахад тухайн уулын эзэн савдаг нь шарын шашны нэг бурхан байх бөгөөд үүгээрээ эрт үед тахиж шүтэж байсан уламжлалыг буддын шашин өөриймшүүлэн авсан байдал нэн тод харагдана.
Ер нь манай оронд төлөвшиж ирсэн бөөгийн ч бай, бурханы ч бай шашныг шашин гэх сонгодог утгаар нь ойлгохоос илүү Монгол хүний зан заншлын элементүүдийг өөриймшүүлж чадсан амьдралын хэв маяг гэдэг утгаар ойлгох нь ихээхэн сонирхолтой.Яагаад гэвэл, олон мянган жилийн турш уламжлагдан ирсэн амьдралын хэв маягийг бөөгийн шашин уламжлан авч Монгол орны нутаг дэвсгэр дээр амьдарч ирсэн олон арван ард түмний зан заншлыг илэрхийлж байсан бөгөөд буддын шашинд байраа тавьж өгөхдөө зан заншлын өгөгдөхүүнээ мөн л уламжлуулж чаджээ гэж бодогдохоор. Ингэж буддын шашин байр сууриа бэхжүүлж чадсаны нэг гол шалтгаан нь дээр дурьдсанаар Монголчуудын өнө эртнээс шүтэн биширч, тахиж шүтэж ирсэн уул усны тухайд эзэн савдаг нь хэн болохыг тодруулж, түүндээ зориулж тахилгын судрыг зохиож, эсвэл байсныг нь бичгийн хэлбэрт оруулж системчилж өгсөн, мөн тахилгын буюу байгалийн сүр хүчийг хүлээн зөвшөөрч байгаа зан үйлийн дэг журмыг тогтоож өгсөн явдал юм. Уул усны эзэн савдагийг тодруулахдаа тухайн газар орны байр байдал, байгалийн тогтоцыг нь шинжиж, эсвэл нэгэнт үе улиран залгамжилж ирсэн газар орны нэрийг ашиглаж эзэн савдагийг бий болгох, эсвэл үзэсгэлэнт дагина бүсгүй хүний, байдлаар тодруулах, номч мэргэн хүнээр төлөөлүүлэх, тэр ч байтугай тухайн тодорхой газар нутагт байх ан амьтнаар төлөөлүүлэх, цэргийн ноён жанжин баатар эрээр төлөөлүүлэх зэргээр хүн ардын хүндлэл хүлээх, эсвэл бүр айдас төрүүлэх байдлаар лус, савдагийг бий болгож байсан байна. Буддын шашны лам нар нь тэр үеийнхээ нийгмийн тухайд хамгийн тэргүүний сэтгэн бодогч нар байсныхаа хувьд, мөн хүн ардын оюуны хэрэгцээг хангагчийнхаа хувьд, бичгийн эрдэм эзэмшигч байсныхаа хувьд нэгэнт хүн ардын тухайд дэмжлэг хүлээхээ болиод байсан бөөгийн шашны тухайлбал, ... урьд Монгол улс хүн үхвэл чинээ чинээгээр тэмээ, морийг алж хойлго хэмээн хамт булах...зэрэг зарим бүдүүлэг хэлбэрийг халж, гэхдээ хүлээн зөвшөөрөгдөж байсан зарим зан үйлийг нь хэрэв ингэж хэлж болох бол, "шинжлэх ухаанжуулж" өгсөн нь өнөө үед судар хэлбэрээр бидэнд хүрч иржээ.
Судар гэдэг нь санскрит үг бөгөөд үгчилбэл, аливаа юмыг нийлүүлж боох зориулалттай олс, дээсийг хэлэх бөгөөд харин утгачилсан байдлаараа хэн нэгэн хүний хэлсэн ярьсан санаа оноог буюу афоризмийг эсвэл афоризмийн цуглуулгыг бусдад хялбар хэрэглэгдэх байдлаар бэлтгэсэн гарын авлага юм. Ерөөсөө афоризм нь аль болох хялбарханаар тогтоогдох ёстой байдгийг бодолцсон ч судар гэдэг нь яруу найраг тэр дундаа шүлгийн тал руугаа илүүтэй хэлбийж байна. Ингээд бодоод үзэхээр уул усны тахилгын судар гэдэг нь тодорхой уул усыг тахиж шүтэх үеэр түүнийгээ магтан дуулсан яруу найраг, шүлэг юм. Их зохиолч Нацагдоржийн зохиосон "Миний нутаг" шүлэг бол Монгол эх оронд минь зориулсан тахилгын судар юм. Яг үүнтэй ижилээр Буянт гол дуу ч тэр, Зулай цагаан Алтай ч тэр бидний өнөө үед зохиож байгаа, түүнийг нь нийтээр хүлээн зөвшөөрч байгаа тахилгын судар ном гэлтэй. Энэ утгаараа бид өнөө үед ч тодорхой нэгэн газар орон, уул усаа магтан дуулсан шүлэг номоо зохиож, тэрхүү зохиолоо уул усандаа уншиж өгч, уул усаа баярлуулах нь тахилгын зан үйлийн бас нэгэн өвөрмөц орчин цагийн үргэлжлэл гэж ойлгогдож болно.
Бурхан халдун, Богд Дүнжингарав, Отгонтэнгэр, Алтан дарь овоо гэсэн төрийн тахилгатай дөрвөн их уул тахилга шүтлэгтэй уулсын дунд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд үүний шалтгаан нь харилцан адилгүй боловч үндсэн санаа нь нэг л зүйл байх ба тэр нь тухайн уул усны эзэн савдагийг мөн гэр орныг нь буюу уул усаа хүндэтгэн бишрэх түүнийгээ магтан дуулж, заяа буянаа даатгах явдал юм. Бурхан халдун уул бол Эзэн богд Чингис хааны үеэс түүний санаачлагаар тахилга шүтлэгтэй болсон Монгол улсын түүхэнд онцгой байр суурь зээлсэн гэдэг утгаараа, Богд дүнжингарав уул бол байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, мөн л өнө эртнээс тахилга шүтлэгтэй байсан тэгээд ч дэлхийн ууган дархан цаазтай газар гэдэг утгаараа, Отгонтэнгэр уул бол байгалийн энгүй их үзэсгэлэнгээс гадна Монгол түмний заяа буяныг дааж байдаг арван хангал гэж алдаршсан догшин сахиусны нэг Очирваань буюу мутартаа очирт уул гэдэг утгаараа, Алтан дарь овоо бол халх нутгийн хил хязгаарыг сэргийлэн байдаг харуул овоо гэдэг утгаараа эдгээр алдарт уулс нь Монгол түмний хувьд хүндтэй байр суурь эзэлж байдаг уулс юм.
Гэхдээ дээрх дөрвөн уулын тухайд хийсэн тодотгол бол зөвхөн өнөө үед буюу саяханы үед зориулагдсан бөгөөд энэ утгаараа анхнаасаа хүндлэгдэж ирсэн гэж ойлгож болохгүй нь ойлгомжтой. Тухайн тодотголууд бий болохоос бүр өмнө нэн эртнээс дээрх уулс алдар хүндэтгэлийг хүлээж байсан бөгөөд хүмүүс тэдгээрийг тахих үедээ мөн л өөр өөрийн хүсэл сэтгэлээ илэрхийлж байсан нь магад. Бидний мэдэхээр Монголын нууц товчоонд өгүүлснээр Бурхан халдун уулаа магтаж
Өнчин бидний өмөг болсон
Өндөр дээд Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя
Өдөр бүр тахиж байя
Үрийн үрд үүрд тахиж
Үе тутам үргэлж шүтье гэж эзэн Чингис хаан өөрөө хэлсэн байдаг. Тэгвэл, Буддын шашин хүний сэтгэлийн илэрхийлэлд яруу найргийн эгшгийг шингээж, хүнд хүрэх яруу тунгалаг хөг аязыг оруулж өгсөнөөрөө нийтийн талархалыг хүлээж, тэгээд ч тухайн судар номыг буюу яруу найргийг зохиохоос өмнө нь нийтээр хүлээн зөвшөөрсөн буюу тогтсон шүлэг ном байхгүй байсан учраас тодорхой газар нутгийн ард түмэн өөрийн ойр хавийн алдарт уул усанд зориулсан гэгээлэг яруу найргийг тэр дор нь хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, буддын шашин ард түмэнд хэрэгтэй байсан оюуны хоосон орон зайг нь нөхөж өгчээ.
Тахилга шүтлэг бүхий бусад олон олон уул овоо, газар ус мөн л өөрийн гэсэн түүхтэй өөрийн гэсэн хүндтэй байр сууриа эзэлж байдаг нь тодорхой боловч үүнийг үл өгүүлэн Бурхан халдун уул, Богд дүнжингарав уулсад зориулж зохиосон бидний үед хадгалагдан ирсэн судар ном юун тухай өгүүлдэгийг сонирхоё. Бурхан халдун ууланд зориулж тахилгын судрыг 19 дүгээр зууны номч Зава Дамдин ХҮ жарны шороон морин жилд буюу 1918 онд зохиосон байна. Үүнээс өмнө Бурхан халдун уулыг тахиж шүтэж, биширч ирсэн баримтаас үндэслээд дахин хэлэхэд энэхүү Зава Дамдины зохиосон тахилгын судар цор ганц судар биш, харин олон олон судрын зөвхөн нэг нь, бидэнд уламжлагдан ирсэн ганц л хэлбэр нь юм. Сударт өгүүлснээр Чингис хааны мэндэлсэн орон Хэнтий ханы уул нуруунд байх Гүндсамбуу буюу “Хотолд сайн” гэгдэх оргилын тэнгэр лус савдагуудад ариусгал тахил өргөхийг хүсэж байгаагаа илэрхийлээд умар зүгийн Монгол орныг номхотгохын тулд заларч байгаа Ядам тэнгэр, багш, сахиулсны чуулган; Хэнтий ханы оргилоор нутагтай баатар эрс, дагинас, тангарагтан; Гүндсамбуу уулын эцэг, эх, хөвгүүн; болон мал сүрэг, эд агуурс, хур бороо, салхи, сансар огторгуйн эзэд; мөн уул даваа, мөрөн гол, цас мөс, хад чулуу, аршаан эмийг өөртөө багтаасан газар орны тэнгэр лус савдагийг залран ирэхийг урьжээ. Улмаар, хоормог, тараг, сүү, цай, дарс тэргүүтэй идээ цагаа, үнэт эрдэнэс, алт мөнгө торго дурдан, эм тан үр жимс ба хуяг дуулга, дайсныг дарагч мөс зэргийг ууландаа өргөхөө дурьджээ. Мөн ууланд өргөх зүйлсэд буга зээр гөрөөс, араатан амьтан барс, ирвэсийг ч багтаасан байна. Дараа нь элдэв үнэртэн арц, цагаан зандан, агар, цагаан агь зэргийг сайтар шатаан адислаад үүлэн мэт их утааг үүсгэн түүгээрээ дамжуулж Ядам тэнгэр, багш, сахиулсны чуулган, баатар, дагинас, тангарагтан, Гүндсамбуу уулын ,эцэг, эх, хөвгүүн ба бусад зохист бүхнийг шагнахаа мэдэгдсэн байна. Мөн газар орны тэнгэр лус савдагийг ч бас шагнахаа мэдэгдсэн байна. Уужим энэ газар орны уул овоо, асга хад, намаг ширэг, ой мод, зүлэг ногоо, бургилан урсах аршаан ус, хадны хонгил, ургаа үхэр хад, өнчин мод, гол горхи, нүдэн булаг, газар орон бүрт байгаа тэнгэр, лус ягчис, далайн эм ерөөс бүгдийг шагнахаа мэдэгдсэн байна. Ингээд буруу үйлдсэн гэмт явдал бүхнийг хүлцэж хайрлан соёрхохыг хүсжээ.
Зонховын буюу Бурханы шашныг магтан түүний ёс арван зүгтээ дэлгэрч байхын ерөөлийг бас дэвшүүлсэн байна. Эцэст нь, муу бүхэн арилан одож, өвчин хижиг, хямрал самуун, зуд турхан, хулгай дээрэм зэрэг есөн жорын муу муухай бүхэн арилан одож гагцхүү сав шимийн учралыг далай мэт цалгилуулж өгөхийг хүссэн байна. Уул овооны тахилгын судрыг иймэрхүү дүр зурагтайгаар зохиож ирсэн бөгөөд ерөөс үүнийг хүмүүн өөрийнхөө сайн сайхан хүсэл мөрөөдөл болгоноо бусдад буюу тодорхой газар орныг эзэгнэн суугаа тэнгэрт хэлж байгаа санаа гарч ирж байна. Гэхдээ, Бурхан халдун уулын тахилгын судрын тухайд буддын шашны их өөрчлөгч Зонховыг дурьдахаа мартаагүй байна, өөрөөр хэлбэл шарын шашныг өнөөгийн хэлээр бол сурталчлаад авсан байна. Богд Дүнжингарав уулын тахилгын судрын дүр зураг ч мөн л иймэрхүү санаагаар зохиогджээ. Тухайлбал, тахилгын судрын эхэнд гол гол бурхад болох номын тэнгэр Гүндсамбуу буюу Хотолд сайн тэнгэр, жаргалангийн тэнгэр Шагжтүв, ид шидийн буюу сэтгэл санааны тэнгэр Зонховыг дуудан урин залж тэдний газар орон болсон цагаан үүлэн ажнай хөлөглөсөн, баруун мутартаа дайсны амийг таслагч урт жад, зүүн мутартаа хорлогчийг хүлэх цалам барьсан үзэсгэлэнт ганган хувцас асаасан, их Чингис хааны язгуур үндсийг тэтгэгч Дүнжингарав өөрийн хань нөхөд тэнгэр лус савдагуудтайгаа залрах болтугай хэмээн хүсэн урин залсан байна. Элдэв үнэртнийг шатаан үүлэн мэт их утааг үүсгэж түүгээрээ дамжуулан хүслээ хэлсэн байна. Эдгээр алдарт уулсын бидэнд мэдэгдэж байгаа тахилгын судрууд ихээхэн хожуу үед зохиогдсон байх бөгөөд үүнээс өмнө магадгүй ямар нэгэн тусгайлсан сударгүйгээр, эсвэл байсан судар нь буюу аман хайлал нь бичгийн хэлбэрт ороогүй байдлаар ам дамжин явсаар хаа нэгтэй үрэгдсэн байхыг үгүйсгэхгүй.
Ингэхлээр бөөгийн ба буддын шашны аль аль нь байгаль дэлхийтэй харьцах түүнтэй зохицон амьдрах тухай ардын уламжлалт амьдрахуйн ухааныг "төгөлдөржүүлж" гоёмсог болгож зөвхөн хэлбэрийг нь өөрчилсөн болохоос өөрөө амьдрахуйн ухаан болж чадаагүй байна. Бөөгийн шашин байгаль дэлхийгээ хэрхэн хүндэлж, түүнтэй хэрхэн харьцахыг сургаж ирсэн талаар үл өгүүлэн зөвхөн буддын шашин жинхэнэ өөрийн дүр зургаар байгаль дэлхийтэй харьцах тухай юу гэж сургасныг сонирхвол бас л сонин. Өдгөөгөөс 2200 гаруй жилийн өмнө өнөөгийн Энэтхэг, Балбын хил орчмоор хаанчлан байсан Ашока хаан нэгэн их дайн байлдааны дараа нутагтаа ирээд тухайн самууны үеэр хүний цус гол горхи мэт урсаж өгүүлшгүй их гаслан зовлонд хүн ард хэрхэн зовж шаналж зүдэрч байсныг сэтгэл эмтрэн бодож суутал түүний оюуны багш Упагүпта гэгч Будда багшийн сургаал хийгээд үүний үндсэн мөн чанар болох амьд амьтан бүрийг хайрлахын учир шалтгааны талаар хаанд айлтгажээ. Хэдийгээр энэ үйл явдлаас 400 илүү жилийн өмнө Будда мэндэлж, өөрийн сургаалиа туурвиж улмаар гэгээрэн, мөн Бурхан болсон ч түүний сургаалийг амьдрал ахуйд жинхэнэ ажил хэрэгчээр дахин төрүүлсэн нь тэрхүү Ашока хаан юм. Тэртээ 2600 гаруй жилийн өмнө хэдийгээр Капилвасту хаан эцэгтэй, Маяа Дэви хатан эхтэй, элбэг хангалуун амьдралтай нэгэн байсан ч Сидхарта Гаутам буюу бидний мэдэхээр Будда багш олон олон хүмүүсийн зовж шаналж байгаа явдлыг харж тэвчилгүй удаан хугацаагаар даяанчлан бясалгаж явсаар тайлалд хүрсэн нэг гол үзэл санаа бол амьд бүхнийг энэрэн хайрлах, нигүүлсэнгүйн үзэл юм. Уг үзлийн хүрээнд Гаутам гуай (Будда) "Амьдрал бол зовлон, энэ зовлонгоос гагцхүү гэгээрэлд хүрсэнээр ангижирна. Хүний ухаан л өөрийг нь бурхан эсвэл адгуус болгоно. Эндүүрч төөрвөл чөтгөр шулам ч болгоно" гэж өгүүлсэн нь дотоод гүн утгаараа бүх зүйлд бие биендээ ч тэр, амьд бүхэнд буюу байгаль дэлхийдээ ч тэр учир утгатай хандах нь зүйтэй, хойд насандаа чөтгөр шулам болохгүйн тулд бодож болгоо, тэгээд зүй зохистойгоор бие биендээ ч тэр, байгаль дэлхийдээ ч тэр хал балгүйгээр амьдрах хэрэгтэйг, тэр ч байтугай зовж шаналж болохыг ч хэлсэн байна. Энэ насандаа хийсэн үйлийн үр эргээд хойд насанд чинь гай зовлон эсвэл шагнал байдлаар тусна гэсэн санаа.
Энэ утгаараа буддын шашны үндсэн үзэл санаа нь байгаль дэлхийгээ хүндэтгэж харьцах ардын уламжлалт зан заншилтай нийлсэн явдал нь буддын шашныг нүүдэлчдийн хүлээн зөвшөөрөхөд бас нэг түлхэц болж өгсөн нь дамжиггүй. Тэр ч бүү хэл, байгаль хамгаалахуйн ухааны өнөөгийн үндсэн тодорхойлолт болох биологийн олон янз байдалд амьд биет бүхэн хамаарах тухай, үүнд амьтан, ургамал, бичил биетэн, тэдгээрийн генетикийн олон янз байдал, мөн тэдний амьдран байгаа экосистемийн олон янз байдал багтахыг бодолцсон ч буддын шашны үндсэн үзэл санаа нь орчин үеийн байгаль хамгаалахын ухааны үндсэн зарчимтай дүйж байна.
Ер нь шашныг дан ганц мухар сүсэгийн үүднээс авч үзэхээс илүү хүний нийгмийн амьдралд гүйцэтгэж ирсэн үүрэг буюу бодит талаас нь харж тайлбарлах нь энэ дэлхий дээр оршин тогтнож байгаа амьдралын уялдаа холбоог хамгаалах үйлсэд шашны гүйцэтгэж байгаа үүргийг ойлгоход илүү дөхөмтэй учраас шашинд үлэмж хүндэтгэлтэй хандах учиртай. Ерөөсөө ч шашин бол байгаль хамгаалах үйл ажиллагааг янз бүрийн арга замаар дэмжиж байдаг их хүч юм. Нэгэнт байгаль дэлхий гэдэг нь өөрөө далдын их хүч гэдэг утгаараа байгаль дэлхийтэй хүндэтгэлтэй харьцаж амьдрах талаархи ёс суртахуун, нийгмийн хэв загварыг тодорхойлж өгдөг байна. Зан үйлийн итгэл үнэмшил ба шашны нэр хүнд нь бидний бусдад тухайлбал, амьд амьтан, ургамал гэх мэтэд хандах хандлагад нөлөөлж байдаг. Сүүлийн үед иймэрхүү итгэл үнэмшил, зан заншлын элементүүдийг зориутаар, дан ганц далдын хүчин гэх мэтээр тайлбарлах оролдлого ихээр илэрч байна. Тэрч байтугай, өнөө үеийн нэн тулгамдсан асуудал болох байгалийн доройтлын эсрэг босож ирж байгаа шашны үнэ цэнийг дээрх үзэл бодлын хүрээнд дан ганц эдийн засгийн хүчин зүйлээр тайлах, тайлбарлах хандлага ихээр ажиглагдах боллоо. Мэдээжийн хэрэг эдийн засгийн хүчин зүйл бол хүн төрөлхтөнийг ямарваа нэгэн үйл хэрэгт түлхэх онцгой хүчтэй хөшүүрэг мөн боловч зарим нэгэн хүчин зүйлийг, нэн ялангуяа тодорхой ард түмний сэтгэл оюунд гүн бат шингэсэн тухайлбал, уламжлал зан заншлыг орхигдуулах нь үгүйдээ л байгаль хамгаалах чиглэлээр хийж байгаа ямарваа нэгэн ажлын тухайд иргэдээс хүлээх дэмжлэгийг багасгахад хүргэх юм.
Ийм учраас хэн нэгэн буддын шашныг хүлээн зөвшөөрсөн ч бай, аль эсвэл бүр шашингүйн үзэлтэй ч бай ялгаагүй, нэгэнт буддын шашны лам хуврагууд байгалийн сүр хүчийг хүлээн зөвшөөрсөн зан үйлийг гүйцэтгэж байгаа, үүгээрээ өнө эртнээс уламжлан ирсэн байгаль дэлхийгээ хүндэтгэх ардын уламжлалыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд буддын шашны дэг жаягаар дамжуулан ард иргэдэд хүрэх нь байгаль хамгаалах ажлын нэгэн чухал хэрэглүүр болох юм. Чухам үүнд л буддын шашны оролцоо ихээхэн чухал ач холбогдолтой хэрэглүүр болох юм. Ингэснээр хамаг амьтныг нигүүлсэн хайрлах сургаалиа ажил хэрэг болгох Буддын шашны ажилд ч нийцэх учраас лам хуваргууд байгаль дэлхийгээ хамгаалах ажилд идэвхитэй бас санаачлагатай оролцох нь зүй ёсны үйл болох юм. Ингэж өнгөрсөн түүх шастираа хадган цэнхэр элгийд бүүвэйлж, өнөө ба ирээдүй үедээ уламжлуулж явах аваас ирээдүй рүү явах бидний зам мөр сүүн цагаан байх бус уу. Сүүн цагаан замаар хүрэлцэн очих биднийг ирээдүй маань яахин их буугаар буудах билээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгаалах асуудал хариуцсан захирал Д.Батболд
7 ways to travel smarter this summer, with help from Google
-
The latest tools from Google can help you plan trips, find a great deal and
explore your next destination.
1 week ago
No comments:
Post a Comment