ТҮҮХИЙН ХУУДАСНААС
1983 онд хиймэл дагуулаас мэдээ хүлээж авах боловсруулах төвийг Монгол улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Үндэсний Зайнаас Тандан Судлах Төв болгож олон улсын хэмжээнд зайнаас тандан судлах ажлыг зохицуулах эрхийг олгосон юм.
ҮЗТСТ-ийн захирлаар М. Бадарч (1983-1990), Н. Баттогтох (1990-1996), С. Хөдөлмөр (1996-с одоо) нар ажиллаж байна.
Зайнаас тандан судлах чиглэлээр төвийн гадаад харилцаа өргөжиж, АНУ-ын Агаар, сансрын уудмыг судлах үндэсний газар (NASA), Японы Токиогийн болон Чибагийн их сургууль, Францын Сансар судлалын газар, Оросын Байгалийн нөөцийг сансраас судлах төв, Хятадын Ухань хотын Геодези, зураг зүйн их сургуулийн Зайнаас тандан судлах төвтэй хамтран ажиллах болсон.
Манай төвд Тайландийн гүнж, Америкийн сансар судлалын эрдэмтэн Ж.Такер, Америкийн сансрын нисгэгч эмэгтэй Мери Клиев, Японы сансар судлалын эрдэмтэн С.Мурай, Францын сансар судлалын эрдэмтэн Н.Сайнт нарын эрдэмтэд тус төвд айлчилж, сансрын судалгааны чиглэлээр хуримтлуулсан арвин баялаг туршлагаа хуваалцсан билээ.
Азийн зайнаас тандан судлалын 13-р бага хурал, Японы Сансар судлалын агентлагаас зохион байгуулсан олон улсын семинарыг өөрийн оронд зохион байгуулсан билээ. Түүнчлэн зайнаас тандан судлалын чиглэлээр зохион байгуулагддаг олон улсын хурал, семинаруудад манай судлаачид оролцож, судалгааны ажлаа илтгэж хэлэлцүүлж ирлээ.
Манай төвийн мэргэжилтнүүд Америкийн нэгдсэн улс, Франц, Австр, Швейцар, Итали, Голланд, Оросын холбооны улс, Япон, Энэтхэг, Хятад, Гонг Конг, Тайланд, Индонези, Узбекстан, Казахстан зэрэг улс орнуудад урт, богино хугацааны сургалтанд хамрагдаж, мэргэшсэн.
Манай төвөөс М. Бадарч, Ц. Адъяасүрэн, Н. Баттогтох, Р. Оюун, М. Эрдэнэтуяа, Ш. Мөнхтуяа, М. Баясгалан нарын эрдэмтэд төрсөн.
ҮЙЛ АЖИЛЛАГААНААС
Ус Цаг Уурын Албыг Удирдах газрын даргын 1970 оны 12-р сарын 5-ны өдрийн 158-р тушаалаар Монгол улсад анх удаа, хиймэл дагуулаас мэдээ хүлээн авч, боловсруулах өртөөг ДЦУБ-ын сайн дурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулсан. Энэхүү өртөө Монгол улсад ус цаг уур, байгаль орчин, байгалийн нөөцийг сансраас тандан судлах ажлын эхлэл бөгөөд энэ нь өнөөдөр БОЯ-ны УЦУОШГ-ын харьяа Мэдээлэл тооцооллын төвд үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэн явуулж байна.
1970 оноос NOAA төрлийн цуврал хиймэл дагуулаас зөвхөн аналог буюу зураг мэдээ хүлээн авч, үүлний орны байрлалын мэдээгээр цаг агаарын урьдчилсан мэдээ зохиоход үйлчилж ирсэн.
1988 онд NOAA хиймэл дагуулаас анх тоон мэдээ хүлээн авч боловсруулж эхэлсэн бөгөөд хиймэл дагуулын тоон мэдээний архив бүрдүүлэн ажиллах боломжийг бүрдүүлэн. 1995 онд АНУ-ын Агаар сансрын уудмыг судлах үндэсний төвийн тусламжтайгаар хиймэл дагуулын мэдээ хүлээн авах антен, боловсруулах программ хангамж, тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулсан.
БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС
Өдөр тутам хүлээн авдаг NOAA хиймэл дагуулын мэдээгээр цасан бүрхүүл, ой хээрийн түймэр, зуншлага, ган, шороон шуурганы зураг үйлдэж төв, орон нутгийн холбогдох байгууллагуудад үйлчилж байна.
Түүнчлэн эрдэм шинжилгээ судалгааны ажилдаа өндөр ялгах чадвартай Landsat хиймэл дагуулын мэдээ ашиглаж, газрын бүрхэвчийн ангилал, өөрчлөлтийг зураглахаас гадна ой, мөнх цас, усны нөөцийн болон уул уурхайн төлөв байдлыг үнэлэх ажлуудыг гүйцэтгэж байна.
No comments:
Post a Comment