Sunday, February 22, 2009

ТӨСӨЛД ОРОЛЦЛОО


Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн санхүүжилтээр Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон Дэлхийн Банкны хамтран хэрэгжүүлж буй Байгаль Орчны Шинэчлэл – 2 төслийн хүрээнд 2009 онд хэрэгжих жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг “Орон нутаг дахь байгаль орчны менежментийг бэхжүүлэх нь” сэдвүүдээр зарласан төсөлд бид "ногоон үрсийг боожуулах инкубатор" төслийг бичиж оролцлоо.

ТӨСЛИЙН ТОВЧ ТАЙЛБАР

“Байгаль орчны шинэчлэл -2” төслийн хүрээнд зарласан жижиг төслийн тэтгэлэгт уралдаанд Либерти Хөгжлийн Төв ТББ-ын судлаач эрдэмтдийн баг дараах төслийг санал болгож байна. Энэхүү төсөл нь “...Иргэдийн нөхөрлөл, хамтлагуудын байгаль хамгаалах, байгалийн нөөц баялагийг урт хугацаанд тогтвортой ашиглан хамгаалах үйл ажиллагааг дэмжих, чадавхийг сайжруулах...” гэсэн бүлэгт хамааруулан иргэдийн нөхөрлөл хамтлагуудын байгаль хамгаалах үйл ажиллагаанаас шууд бус аргаар орлого олох боломжийг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн ба “Ногоон үрсийг бойжуулах инкубатор” төсөл гэж нэрлэв. Бидний төсөл хэрэгжүүлэхээр сонгон авсан Төв аймгийн Батсүмбэр сум

Бидний төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа Төв аймгийн Батсүмбэр сум нийслэлийн зуслангийн бүстэй шууд хиллэж, тэр хирээрээ хэд хэдэн авто зам, даваагаар нийслэлтэй шууд холбогдсон, хотоос 30-90 км зайд алслагдсан зэрэг нь байгаль орчны доройтол, халдлагад өртдөг цар хүрээгээрээ улсын хэмжээний 350 гаруй сум суурингаас онцгойлон анхаарах нөхцлүүдийг бүрдүүлж байна. Тус суманд байгаа эдийн засаг, нийгэм, хүн ам зүй, байгаль экологийн олон талт асуудлуудаас байгаль орчны чиглэлийн дараах эмзэг тулгамдсан асуудлуудыг сонгон анхаарал хандуулахыг зорив.
1. Нийт нутгийн 56,6 хувь буюу 137.6 мянган га газар нутгийг ойн бүрхүүл эзэлдэг нь нутгийн иргэд болон нийслэлээс зоригсод, харьяалалгүй иргэдийн халдлагад байнга өртөн хулгайн мод бэлтгэх, ойг сүйтгэдэг нэг түшиц газар болжээ.
2. Хулгайн ан хийгсэд, самар, жимс, мөөг зэрэг ойн гаралтай түүхий эд бэлтгэх гэсэн хүмүүсийн байнгын урсгал, ойд орогнох явдал ихэсч ойн түймэр тавих, ойг сүйтгэх хог хаягдлаар бохирдуулах нь ихэссэн.
3. Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа доголдон, ой хамгаалагчид хүчин мөхөсдөж, оршин суугчид нутгийн иргэд энэ байдалд дөжрөн эвлэрснээр тус бүс нутгийн байгаль орчны сүйрэл газар авч байгальд байгаа бүхэн орлого олох хэрэгсэл байдлаар ашиглагдан бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс, олз хайгсдын амжиргаа залгуулах, ашиг олох талбар болон байнга өргөжиж байна.
4. Иргэдийн хамтлаг, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа үүсгэл санаачлага, дэвшил байгаа хэдий ч тэдний эдийн засгийн ашиг сонирхол нь мөн ойгоосоо хараат байж мод түлш бэлтгэх замаар ашиг олж байгаа нь өрөөсгөл байна.
5. Улаанбаатар хотын барилгажилт ихэссэн, агаарын бохирдол, хотын утаа зэргээс үүдэн хотын ногоон бүс, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх эрэлт шаардлага ихэссэн, түүнд зарцуулах хөрөнгө байнга нэмэгдэж байгаа (2009 онд гэхэд хотын агаарын бохирдлыг бууруулахад 30 тэрбум төгрөг төсөвлөсөн) зэрэг нь тус сумын ойн бүсийн зулзаган мод, бут сөөг, тарьцыг хулгайн аргаар тастаж хотруу зөөж борлуулах явдал эрс нэмэгдсэн. Энэ нь нөгөө талаас өсөн нэмэгдэж байгаа мод үржүүлэх эрэлтийг дагаад, тарьц суулгацын бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага бий болгон тарьц суулгацыг үржүүлэх, бойжуулах борлуулах зах зээлд хамгийн тааламжтай нөхцөл байдлыг бүрдүүлээд байна.
Энэ үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх орчин, газар нутаг, ойн бүс, энэ бизнесийг эрхлэн ашиг орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий нийгмийн хэсэг бүлэг болох хамтлаг нөхөрлөлүүд, ой хамгаалагчид бүгд Батсүмбэр суманд байна. Мод үржүүлгийн үйл ажиллагааны нэг нэсэг нь болох тарьц суулгацыг бойжуулах, бүтээгдэхүүнийг нь нийслэлийн хэрэгцээнд болон уул уурхай, газар тариалангийн хүрээнд хийгддэг хөрс хамгаалалт, нөхөн сэргээлтийн зах зээлд нийлүүлэх менежмент, маркетингийн иж бүрэн шийдлийг байгаль хамгаалахын төлөө ажиллаж байгаа эн тэргүүнд зохион байгуулалтанд орсон хамтлаг нөхөрлөлд санал болгон хэрэгжүүлж ингэснээр байгаль орчноосоо ашиг орлого шууд хүртдэг ашиг сонирхолын хандлагыг өөрчлөн, дам аргаар орлого олох илүү өргөн боломжийг нээж өгөх зорилгыг агуулан “Ногоон үрсийг бойжуулах инкубатор” төслийг санаачилсан.
Ø Бид хамтлаг, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг хамруулан үнэлгээ мониторонг хийж төсөл хэрэгжүүлэх обьектоо сонгоно.
Ø “Ногоон үрсийг бойжуулах инкубатор” төслийн иж бүрэн багцыг санал болгоно. Халаалт, дуслын усалгааны систем бүхий хүлэмж нь нэг утгаараа Инкубатор бөгөөд үрээр бэлдсэн тарьц суулгац нь ногоон үрс байх болно. ХХААЯ-наас жил бүр зарлан 50 хувийн үнийг чөлөөлж, үлдэх 50 хувийг үе шаттай төлүүлэн орон нутагт нийлүүлдэг 150-200 иж бүрдэл хүлэмжээс 5-аас доошгүйг энэ зорилгод нийлүүлэх боломж байгаа нь нэг давуу тал байх болно. Энэ туршлагыг байгаль орчны салбараар өргөжүүлэх шаардлага байгаа.
Ø Тарьц суулгацын зах зээлийг бэлдэх, энэ бүтээгдэхүүний маркетингийн үйл ажиллагааг цэгцтэй онолын үндэстэй зохион байгуулах нь цоо шинэ ойлголт бөгөөд ач холбогдлын хувьд энэ төслийн хүрээгээр хязгаарлагдахгүй, газар авсан хууль бус үйл ажиллагааг хумин, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг албан ёсны зах зээл, эрэлт нийлүүлэлтийн сүлжээ төлөвшихөд нөлөөлнө гэж үзэж байна.
Ø Ойн бүс, ногоон бүрхүүл нь Цэвэр хөгжлийн механизм (ЦХМ)-ын зах зээлийн бүтээгдэхүүн мөн хэдий ч энэ талын ойлголт төдийлөн сайн хөгжөөгүй, ойн санг тоолох, модийг төрөл зүйлээр нь үнэлэх, жиших зэрэг ойлголт болон энэ асуудлын эрх зүйн зохицуулалт туйлын бүрхэг байна. Энэ талаар анхан шатны судалгаа хийж манай улсад шинээр хөндөгдөж буй асуудалд судлаач, эрдэмтэдийг татан оролцуулж санал зөвлөмж боловсруулна.
Энэ төслийн санаачлагыг Сумын ЗДТГазар, сумын ойн байцаагч, ой хамгаагаалагчид, бүрэн дэмжиж хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн ХХААЯ-ны газар тариаланг дэмжих төсөл, Ногоон хэрэм хөтөлбөр, Байгалийн нөөцийн хамтын менежментэд харилцан суралцах төслүүдтэй холбогдон хамтран ажиллах боломжтой. Мөн хүлэмж байгууламжийн чиглэлээр Промимпорт ХХК хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Төслийг 2009 оны 4-р сараас 12-р сар хүртэл 8 сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Либерти Хөгжлийн Төв ТББ-ын эрдэмтэд судлаачдын хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг ажиллана.

No comments:

Post a Comment